Увс нуурын амар амгалан
·
2025
Аялал баруун хойд зүгт үргэлжилж, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Увс нуурын хотгор зөөлөн, нам гүм өнгөөр угтана. Төв Азийн хамгийн том онгон тагшин байгалийн сав газруудын нэг болох энэ бүсэд ой, цөлөрхөг бүс, хужраар арвин хээр сүлэлдэн тогтжээ. Хяргас нуурын нүд гялбам мандал хүрээлэн буй орчинтойгоо гайхалтай зохицно. Эрэг дагуу ургах чацарганын төгөл хахир хатуу уур амьсгалыг сөрөн, амьдралын эрч хүчийг бэлгэджээ. Мөн зөвхөн Монголын хүйтэн өндөр уулархаг бүсэд ургадаг мөнхийн хайрын бэлэг тэмдэг болох вансэмбэрүү цэцэг хад асгыг яран тэнгэр өөд тэмүүлнэ. Энэхүү бүтээл Монгол орны хамгийн онгон дагшин, биологийн олон төрөл зүйлээр баялаг газрыг аниргүй сүр жавхлантай нь мөнхөлжээ.
Энэхүү цувралын бүтээл бүрийн хүрээг бэлгэдэл бүхий хоёр элементээр эмжсэнээр зөвхөн дүрслэлийн төдийгүй утга санааны хувьд ч нэгэн цогц болгон зангидаж өгч байна. Доод хэсэгт байрлах авдрын хээ нь Монголын язгуур соёл уламжлалын үнэт зүйлсийг илэрхийлсэн суурь бэлгэдэл юм. Авдар нь уламжлалт ёсоор гэр бүлийн хамгийн үнэт, эрхэм зүйлсийг хадгалах зориулалттай бөгөөд энэ утгаараа хамгаалалт, өв уламжлал, үнэ цэнийг бэлгэддэг. Энэ цувралд авдар нь ариун дагшин байгаль, ховор амьтан, өвөг дээдсийн зан заншил, оюун санааны уламжлал зэрэг Монгол түмний хамгийн эрхэм нандин үнэт өвийг хадгалсан бэлгэдэлт сав мэт ойлгогдоно.
Харин дээд хэсэгт дүрслэгдсэн уламжлалт хээ угалзууд нь байгалийн таван махбод болох газар шороо, чандмань эрдэнэ, уул, ус, үүлс ба салхийг төлөөлнө. Эдгээр хээ нь Монголын дүрслэх урлагийн өвөрмөц онцлог бөгөөд хүн, байгаль хоёрын харилцан шүтэлцээг илэрхийлдэг. Ийнхүү дээд ба доод хүрээ нь бүтээл бүрийг соёлын ой санамжийг хадгалах сав мэт болгож, Монголын үнэт бэлгэдлүүдийг гүн утга учир бүхий нэгэн цогц болгож байгаа юм.
Зургийг зурж, найруулсан: Ч. Ариунжаргал ба Ч. Анунгоо


