Умардын хөх сувд
·
2025
Домогт хоймор нутагт орших Монголын хөх сувд хэмээн алдаршсан Хөвсгөл далай нэн ховордсон тул загасаар баян. Энэ ариун, болор мэт тунгалаг нуур нь ойгоор хучигдсан уулсаар хүрээлэгджээ. Эрэг дээр нь цаатан түмэн цаа бугаа маллан, бөө онгод тэнгэр, өвөг дээдэстэйгээ холбогдон зан үйлээ үйлдэж буй нь харагдана. Энэхүү дүрслэл нь тэрхүү аглаг бүс нутгийн онцлогийг тодотгосон анимист шүтлэг, нүүдэлчин ахуйг гүн гүнзгий тусгаж өгчээ.
Энэхүү цувралын бүтээл бүрийн хүрээг бэлгэдэл бүхий хоёр элементээр эмжсэнээр зөвхөн дүрслэлийн төдийгүй утга санааны хувьд ч нэгэн цогц болгон зангидаж өгч байна. Доод хэсэгт байрлах авдрын хээ нь Монголын язгуур соёл уламжлалын үнэт зүйлсийг илэрхийлсэн суурь бэлгэдэл юм. Авдар нь уламжлалт ёсоор гэр бүлийн хамгийн үнэт, эрхэм зүйлсийг хадгалах зориулалттай бөгөөд энэ утгаараа хамгаалалт, өв уламжлал, үнэ цэнийг бэлгэддэг. Энэ цувралд авдар нь ариун дагшин байгаль, ховор амьтан, өвөг дээдсийн зан заншил, оюун санааны уламжлал зэрэг Монгол түмний хамгийн эрхэм нандин үнэт өвийг хадгалсан бэлгэдэлт сав мэт ойлгогдоно.
Харин дээд хэсэгт дүрслэгдсэн уламжлалт хээ угалзууд нь байгалийн таван махбод болох газар шороо, чандмань эрдэнэ, уул, ус, үүлс ба салхийг төлөөлнө. Эдгээр хээ нь Монголын дүрслэх урлагийн өвөрмөц онцлог бөгөөд хүн, байгаль хоёрын харилцан шүтэлцээг илэрхийлдэг. Ийнхүү дээд ба доод хүрээ нь бүтээл бүрийг соёлын ой санамжийг хадгалах сав мэт болгож, Монголын үнэт бэлгэдлүүдийг гүн утга учир бүхий нэгэн цогц болгож байгаа юм.
Зургийг зурж, найруулсан: Ч. Ариунжаргал ба Ч. Анунгоо


