Улаанбаатарын зүрх
·
2025
Улаанбаатар бол орчин үеийн Монгол Улсын төв, уламжлал ба хөгжил дэвшил зэрэгцэн орших орон зай юм. 1809 онд байгуулагдсан Гандантэгчинлэн хийд зэрэг түүхэн дурсгалууд нь өнөөгийн орчин үеийн архитектуртай хослон сүндэрлэж, соёлын өв, шинэчлэлийн тэнцвэрийг илэрхийлнэ. Зөвлөлтийн үеийн дурсгалыг хадгалсан Зайсан толгой нь Монгол, ЗХУ-ын түүхэн холбоог сануулна. Харин 2000-аад оны эдийн засгийн өсөлтийн бэлгэ тэмдэг болсон Шангри-Ла зочид буудал, Улаанбаатар дахь Америк сургууль нь хотын хөгжиж буй дүр төрх, боловсролын олон улсын стандартад хүрэх эрмэлзлийг илтгэнэ. Өнөөдөр "Xanadu Residence", "Highland Park" зэрэг тансаг үл хөдлөх хөрөнгүүд нь Монголын уламжлалт үнэт зүйлсийг дэлхийн боловсронгуй амьдралын хэв маягтай уялдуулсан шинэ үеийг илтгэж байна.
Энэхүү цувралын бүтээл бүрийн хүрээг бэлгэдэл бүхий хоёр элементээр эмжсэнээр зөвхөн дүрслэлийн төдийгүй утга санааны хувьд ч нэгэн цогц болгон зангидаж өгч байна. Доод хэсэгт байрлах авдрын хээ нь Монголын язгуур соёл уламжлалын үнэт зүйлсийг илэрхийлсэн суурь бэлгэдэл юм. Авдар нь уламжлалт ёсоор гэр бүлийн хамгийн үнэт, эрхэм зүйлсийг хадгалах зориулалттай бөгөөд энэ утгаараа хамгаалалт, өв уламжлал, үнэ цэнийг бэлгэддэг. Энэ цувралд авдар нь ариун дагшин байгаль, ховор амьтан, өвөг дээдсийн зан заншил, оюун санааны уламжлал зэрэг Монгол түмний хамгийн эрхэм нандин үнэт өвийг хадгалсан бэлгэдэлт сав мэт ойлгогдоно.
Харин дээд хэсэгт дүрслэгдсэн уламжлалт хээ угалзууд нь байгалийн таван махбод болох газар шороо, чандмань эрдэнэ, уул, ус, үүлс ба салхийг төлөөлнө. Эдгээр хээ нь Монголын дүрслэх урлагийн өвөрмөц онцлог бөгөөд хүн, байгаль хоёрын харилцан шүтэлцээг илэрхийлдэг. Ийнхүү дээд ба доод хүрээ нь бүтээл бүрийг соёлын ой санамжийг хадгалах сав мэт болгож, Монголын үнэт бэлгэдлүүдийг гүн утга учир бүхий нэгэн цогц болгож байгаа юм.
Зургийг зурж, найруулсан: Ч. Ариунжаргал ба Ч. Анунгоо


